Эмээгийн хайр [Сургамжит өгүүллэг]


Эмээгийн хайр
Томми эмээтэйгээ амьдардаг байлаа. Тэд бие биендээ маш их хайртай байв. Гэвч Томми боломж л олдвол, хулгай хийдэг муу зуршилтай байжээ. Томмигийн эмээ түүнийг хулгай хийхийг нь болиулах гэж олон удаа шийтгэсэн боловч, тэр энэхүү муу зуршлаасаа салж чадсангүй.
Нэг өдөр Томмигийн эмээ нь: “Томми би чамайг хулгай хийх болгонд чинь шийтгэсээр ирсэн. Гэхдээ энэ бүхэн ямар ч үр дүнгүй байна. Би чамтай ингэж амьдрахыг хүсэхгүй. Хэрвээ чи дахиад хүний юмыг зөвшөөрөлгүй авчирсан байвал би энэ нэхмэлийн зүүгээ улайсгаж байгаад сайн хашраана гэж мэдээрэй” гэж хэлэв.
Түүнээс хойш Томми олон жилийн турш хулгай хийсэнгүй. Эмээгийнхээ хэлсэн үгийг мартдаггүй байлаа.
Ингээд нэг өдөр Томми хүү дахиад л хулгай хийн мэхлэв. Тэр халаас дүүрэн хулгайлсан зүйлсээ гэртээ авчрахад эмээ нь эхэндээ хараагүй юм шиг дүр эсгэв. Удалгүй тэр тэссэнгүй “Томми нааш ир! Халаасанд байгаа зүйлсээ үзүүл!” гэлээ.
Түүний халааснаас нь хутга, харандаа, баллуур, жижигхэн бөмбөг, мөнгө гээд л өөрт нь ямар ч хамаагүй зүйлсийг гаргаж ирэв.

Эмээ нь: “Чи энэ юмсыг хаанаас авсан юм бэ?” гэхэд тэр хариулсангүй.
-       Чи дахиад л хулгай хийсэн юм уу? Надад амалснаа санаж байна уу, гээд эмээ нь нэхмэлийн зүүгээ авчран галд халаав. Зүүг улайсч, халах үед Томмиг эмээ нь дуудаад, “Алив гараа гарга!” гэлээ.
Хүү өөрийгөө буруутай гэдгээ мэдээд маш их айн сандарч гэнэ.
Эмээ гэнэтхэн “Би чамайг хулгайч болоосой гэж хүсэхгүй байна. Чи энэ шийтгэлийг амсах ёстой. Гэхдээ би чамд маш их хайртай учраас чамайг шийтгэснээс  өөрийгөө шийтгэсэн нь дээр” гээд Томмиг биш өөрийнхөө гарыг хайрав.
Эмээ түлэгдсэн гараа үзүүлээд, “Томми минь миний гарыг хараач! Хүү минь, үүний битгийн мартаарай! Чамайг хулгай хийх болгонд надад ямар их хэцүү байдгийг ойлгож яв! Энэ бол чиний хулгайлсан юмсын төлөөс юм” гэлээ.
Түүнээс хойш Томми хулгай хийхээ больсон төдийгүй өнгөрсөн дурсамжаа санан, маш их харамсдаг болжээ.

Хайрын сургамжит өгүүллэг 

Comments