Зураг [Хайрын сургамжит өгүүллэг]


Зураг
Тэд гэрлээд хоёр жил болжээ. Нөхөр нь зохиол бичих дуртай бөгөөд бичсэн өгүүллэгүүдээ интернетэд тавьдаг боловч хэн ч түүнийг нь тоож уншдаггүй байв. Мөн тэрээр зураг авах их дуртай ч гэсэн эхнэртэйгээ гэрлэх үедээ авсан зургуудаа л арчилж тордоно. Эхнэр, нөхөр хоёр бие биедээ маш их хайртай хэдий ч эхнэр нь их дээрэлхүү, түргэн ууртай, бардам нэгэн байжээ. Нэг өдөр эхнэр нь нөгөө аашаа ийнхүү гаргав.
Эхнэр: Чи яагаад миний найзын хуримын зургийг авахгүй байна вэ? Тэд хөлсийг чинь төлнө шүүдээ
!
Нөхөр: “Би энэ удаа завгүй байна.”
Эхнэр: “Завгүй гэнээ? Чи тэр зохиол бичихээ багасгавал чамд зав гарна шүү дээ!
Нөхөр: “Нэг л өдөр миний бүтээлийг хэн нэгэн сонирхох цаг ирнэ!.
Эхнэр: “Тэр чинь надад ямар хамаатай юм бэ? Харин чи миний найзын зургийг заавал авч өгөөрэй!
Нөхөр: “Би чадахгүй!
Эхнэр: “Ганцхан л удаа шүү дээ.
Нөхөр: Үгүй
Ингээд хэлэлцээр бүтэлгүй болоход эхнэр эцсийн сануулгаа өгч гэнэ.
Эхнэр: “Чи гурав хоногийн дотор “ТЭГЬЕ!” гэсэн хариу өгөх ёстой. Үгүй бол ...
Эхний өдөр.
Эхнэр гал тогоо, угаалгын өрөө, компьютер, хөргөгч, телевиз, хөгжим тоглуулагч... гээд бүгдийг нь хаав. Харин нинжин сэтгэл гаргаж унтахдаа ороо хувааж хэрэглэх болжээ. Энэ бүхнийг нөхөр огт тоосонгүй. Учир нь түүнд бага зэргийн мөнгө байлаа.
Хоёр дахь өдөр.
Эхнэр нэгжлэг хийн, халаасанд нь байсан бүх зүйлийг хураан авч, “Хэрвээ чи гаднаас ямар нэгэн туслалцаа авах юм бол хариу барих бэлэг байгаа шүү!” гэлээ. Энэ удаа нөхөр нилээд хямарлаа. Шөнө болов. Нөхөр унтахын өмнө эхнэрээсээ уучлалт гуйж гэнэ. Эхнэрийнхээ аашийг зөөлрөх болов уу гэсэн чинь харин тэр огт тоосон шинжгүй байв. Нөхрийгөө зөвшөөртөл тэр огт ярилцахгүй бололтой.

Гуравдахь өдөр.
Шөнө боллоо. Хосууд хоёр тийшээ хараад хэвтэцгээв.
Нөхөр: “Бид хоорондоо ярилцаж ойлголцох хэрэгтэй!
Эхнэр: “Хуримын л тухай биш бол март даа.”
Нөхөр: “Энэ их чухал зүйл шүү дээ.”
Эхнэр дуугүй л хэвтэнэ.
Нөхөр: “Тэгвэл хоёулаа салцгаая!
Эхнэр нөхрийнхөө хэлсэнд огт итгэсэнгүй.
Нөхөр: “Би нэг бүсгүйг таньдаг болоод их удаж байна” гэж хэлэхэд, эхнэрийн уур маш их хүрч, цохиод авмаар санагдав. Гэвч тэр уураа барьж нөхрийгөө хэлэх үгээ дуусгахыг хүлээж, усан нүдэлж эхлэв.
Нөхөр өчигдрийн бүтэн нэгжлэгээр үзэж амжаагүй ганцхан газраас нэг цээж зураг гаргаж ирлээ.
Нөхөр: “Энэ их сайхан бүсгүй шүү!” гэхэд эхнэрийн сэтгэл нь ихэд хямарч, хамгаас хайрлаж явдаг нөхөр минь надад хэн нэгэн танихгүй хүүхний зураг үзүүлэх гэж байна хэмээн уйлав.
Нөхөр: “Тэр надтай гэрлэсний дараа миний зохиол бичих ажлыг насан туршдаа дэмжинэ гэж амласан юм. “
Эхнэр хардаж эхлэв. Учир нь бүсгүй өөрөө гэрлэхдээ нөхөртөө ингэж амлаж байсан юм.
Нөхөр: “Тэр надад их хайртай гэдгийг би маш сайн мэддэг.”
Эхнэр дуугүй байж тэвчсэнгүй, “Би ч гэсэн чамд хайртай биш гэж үү? Гэхэд
Нөхөр: “Тэр надад хайртай учраас миний дургүй зүйлийг хийлгэх гэж хүчлэхгүй байгаа юм.”
Эхнэр тайвширч эхэлсэн ч уураа барьж чадсангүй.
Нөхөр: “Би түүнд зориулж нэг зураг авч өгсөн юм. Чи үүнийг хараач!” гэхэд эхнэр нь маш их уурлаж, гарыг нь түлхэн, нүүр рүү нь халуу оргитол алгадав. Ингээд нөхөр нь санаа алдан, эхнэр ч цурхиран уйлж эхэлжээ. Нөхөр нь өнөө зургаа халаасандаа хийгээд гэрлээ унтрааж унтав. Харин эхнэрийнх нь нойр хүрсэнгүй тул хажуугийн гэрлээ асааж, нөхөртөө тун муухай хандсандаа харамсаж байлаа. Тэр уйлж байхдаа олон зүйлийн тухай бодож гэнэ. Нөхрөө сэрээн сэтгэлээ онгойтол ярилцаад, дахиж шахаж, дарамтлахгүй байхаар шийдэв. Гэнэт тэр өнөө нөхрийнхөө хайртай бүсгүйн зургийг харахыг тун их хүсэж зургийг гаргаад үзтэл өөрийнх нь зураг байхыг хараад уйлах, гайхах зэрэгцжээ. Тэр нь маш сайхан авсан зураг байв. Ингээд эхнэр хайртай нөхрийнхөө хацар дээр нь үнсэв. Харин нөхөр инээмсэглэн байгаа нь эхнэртээ унтаж байгаа дүр үзүүлсэн хэрэг байжээ.

Хайрын сургамжит өгүүллэг номноос

Comments