Амьдарлын зам [Болсон түүхээс]


Амьдарлын зам 
1960-аад оны эхээр ах дүү Майкл, Крис нар Калифорни мужийн Сан Франциско хотын захад орших Ричмонд дүүрэг буюу харуудын хороололд төрж өсчээ.
Хоёр хүү хоёулаа маш сайн сурч, хичээлдээ үргэлж “А” үнэлгээ авдаг байлаа. Найман хүүхэдтэй ажилчны гэр бүлд өсөж том болж байгаа хөвгүүд мөнгө төгрөгөөр үргэлж дутагдаж гачигдана. Өлссөн хөвгүүд хоол ч үгүй, юу ч үгүй болоод ирэхээрээ зарим хүүхдийн адил хулгай хийх болжээ. Таван настайгаасаа эхлээд ахлах сургуулиа төгсөх хүртлээ хоёулаа нийлж байгаад л хулгай хийдэг зуршилтай болов. Шөнө дундын үед гэрийнхэн гал тогооны өрөөнөөс жигнэмэг шүүрэхээс эхлээд ... хүнсний дэлгүүрээс боов боорцог, ... барааны дэлгүүрээс оймс хүртэл хулгайлна.

Хадаж цоожлоогүй л бол ах дүү хоёр яаж ийж байгаад л хулгай хийнэ. Аав ээжээсээ хүртэл зөвшөөрөл авалгүй эд зүйлсийг нь аваад явчихна. Гэхдээ хулгай хийж буйгаа өлссөн учраас гэж тайлбарладаг байлаа.
Ингээд Майкл, Крис хоёр ахлах ангидаа хотын хамгийн нэр хүндтэй Кеннедигийн сургуульд элсэн орж, хотын нэг захаас нөгөө зах хүртэл автобусаар явдаг боллоо. Энэ сургуульд байхдаа л Крис өнөө муухай зуршлаасаа салах ёстой юм байна гэдгийг  ухаарсан гэдэг. Ахлах сургуулийн анхны курстээ тэрээр сурлагын дэвтэр дээрээ гурван “А”, гурван “F” дүн авчээ. Энэ бол сургуульдаа тааруу дүн авсан анхны тохиолдолд байлаа. Кеннедигийн сургуульд дөрвөн жилд дөрвөөс дээш “F” дүн авах юм бол шууд хөөгддөг тул дахиад нэг муу дүн авахад түүний цаашдын хувь заяа хаашаа эргэх нь тодорхой бус болно гэдгийг Крис мэдэж байв. Тэр үед ухаант хүү толгойгоо өөр зүйлд ашиглах хэрэгтэй гэдгээ ухаарсан байна. Олон жилийн дараа Крис өөрийнхөө амьдралд тохиолдсон энэ өөрчлөлтийн тухай ярихдаа, “Би гэрийнхээ үүдэнд суугаад өөртөө учирсан цорын ганц боломжоо алдах дөхсөн байна гэдгээ гэнэт ойлгосон юм. Удалгүй бидний зуны амралт эхэлж байсан бөгөөд дахиад нэг “F” дүн авбал надад өөр нэгэн тааруухан ахлах сургууль юмуу эсвэл цэрэгт явах боломж л үлдсэн байсан. Тэр үед хайртай ах Растигаа шоронд нас барж, мөн ах Харолдыгоо амьдралдаа юу ч хийж амжилгүй зуурдаар нас барна гэж огт боддоггүй байсан юм. Ах Майклд минь ирээдүйд чухам юу тохиолдохыг ч би мэдэхгүй байлаа. Миний ганцхан мэдэж, ойлгож байсан зүйл бол ядуурлын эцэс төгсгөлгүй тойргоос ямарч байсан гарах ёстой гэдгээ л мэдэрсэн. Би Ричмондын ядуу дүүргийн нэг л хэвийн амьдралаа рөдөр хоногийг залгуулах ядуу иргэн болохыг хүсээгүй бөгөөд өөрийгөө сайхан хувцаслаж, гоёмсог машин унаж, хүн шиг амьдардаг болохыг мөрөөдөж эхэлсэн” гэж хэлэв.
Мэдээж Крисийн хувьд энэ бүх муу зуршлаа өөрчлөхөд тийм ч амар хялбар байсангүй. Найз нөхөд нь түүнийг сургуулийн мөр хэтэрхий хөөж, өөрсдийг нь мартлаа гэж цаг үргэлж харамсаж буруутгана. Гэхдээ тэр өөрийн бодол, мөрөөдөлдөө үнэнч зогсож чадсан юм. Өөрийгөө өөрчлөх энэ шийдвэр нь түүнийг ах Майклынхаа явж байсан зүгээс тэс өөр тийш алхахад хүргэжээ. Харин Майкл өөрийн бүтээлч бус буруу зуршлаа өөрчилж чадсангүй.
Крис ахлах сургуулиа төгсөөд дээд сургуульдаа элсэн орж, улмаар хуулийн ангийг төгсөв. Тэрээр Калифорнийн Лос Анжелес дахь Мужийн Өмгөөлөгчдийн Холбооны нарийн бичгийн даргаар 15 жил ажиллаж, хүн амины хэрэг, хар тамхины наймаачид, эрүүгийн гэмт хэргийн бүлэглэлүүд, луйврын хэргүүдийг илрүүлэн, яллаж байлаа. Өнөөдөр Крисийг америкчууд “Кристофер” гэдэг нэрээр нь маш сайн мэддэг. Магадгүй та бүхэн нэр нь Кристофер Дарден гэж сонсвол, “Нөгөө 20-р зууны хамгийн шилдэг шүүх хурал “О.Ж.Симпсоны хэрэг”-ийн яллагч байна шүүдээ” гэж дуу алдах байх.

Харин Кристоферийн ах Майклд юу тохиолдсон бэ? Тэр ахлах сургуулиа төгсөөд цэрэгт явж, албаа хаачихаад, төрсөн нутагтаа ирсэн боловч өнөө муу зуршлаараа амьдарсаар, залилан ба хулгай хийж, хар тамхинд оржээ. Ингээд 1995 оны 11 сарын 29-нд Майкл Дарден 42 насандаа ДОХ өвчиний улмаас насан өөд болсон юм.
Энэхүү ах дүү хоёрын амьдралын замын тухай өгүүлэх түүх нь ирээдүйд хэн нь ямар хүн болох вэ гэдгийг урьдаас төлөвлөсөн хувь тавилан бий болгоогүй, харин чи өнөөдөр ямар шийдвэр гаргаж амьдарч байна вэ гэдгээс ирээдүйн амьдарлын чинь зам шууд хамаардаг гэдгийг харуулж байна. Бидний өнөөдөр хийж байгаа алхам бүхэн өөрсдийн чинь ирээдүйг дээшлүүлэх аль эсвэл уруудуулах болно гэдгийг ямагт санаж яваарай!

Хайрын сургамжит өгүүллэг номноос

Comments