Саяхан энэ номны кино нь гарсан билээ. гэхдээ маш том романы маш их товчилсон тул сонирхсон нэг нь манай блогоос энэхүү номыг уншаарай. Дараагийн бүлэгийг уншихыг хүсвэл comment үлдээгэрэй.
Номын тухайд:
Жамбын шинэ роман манай уншигчид түүний дотор нийгмийн ухааны мэргэжлийн хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлнэ гэж бодож байна. Энэ Романыг бичихдээ түүхийн сурвалж, судалгаа, бусад тулгуур бичгүүдтэй нухацтай танилцаж, үйл явдал болсон нутаг ус, хүн ардын ёс заншлыг хүртэл судалсан нь уншихад тодорхой мэдэгдэж байна. Хотгойд нутгаар явж ардын домог яриа сонсож, Бээжинд манжийн хаадын ордон, түүх дурсгалын олон газраар цөхрөлтгүй явж, дотоод гадаадын судлагчид, үлгэрчин, домогчин хүмүүсийн яриаг сурвалжлан цуглуулж байсан зохиолчийн тэрхүү нөр хөдөлмөрийг бид сайн мэдэх юм. Энэ сэдвээр олон жил судалж, монгол, хятад, манж бусад сурвалж бичиг судалгааны зохиолтой танилцаж эрдэм шинжилгээний дорвитой бүтээл туурвисан доктор Н. Ишнамц энэ романтай нягтлан танилцаад түүхийн бодит үйл явдлыг нарийн тодорхой харуулж, тэр үеийн ээдрээтэй, түвэгтэй асуудлуудын мөн чанар, харилцан нөлөөлөх хүчин зүйлийг зөвөөр дэвшүүлж тавьсан гэж үзсэн нь чухал үнэлэлт болжээ.
Монголын ард түмний үндсээ чөлөөлөх тэмцэл энэ үед нэн их өрнөсөн боловч харамсалтайгаар дарагдсан юм. Тэгэхдээ асар чухал туршлага хуримтлуулжээ. Энэ тэмцэл шинэ гарах хөдөлгөөний угтвар болжээ. Дараачийн тэмцэл улам гүнзгийрч өргөжин 1911 онд Монгол орон төрийн тусгаар тогтнолыг зарласнаар урьд үзэгдээгүй ахицад хүрчээ. Гэвч үндсээ чөлөөлөх асуудлыг бүрэн шийдвэрлэж бас чадсангүй. Харин 1921 оны хувьсгалаар үндэсний ба нийгмийн эрх чөлөөний асуудлыг нэгэн зэрэг харилцан холбоотой шийдвэрлэсэн байна. Энэ нь дотоодод энэхүү чөлөөлөх хөдөлгөнийг туйлд нь хүртэл хөтөлж чадах хүчин төрсөн, нөгөө талаар гадаадад уул тэмцэлд жинхэнэ шударга туслалцаа үзүүлж чадах шинэ төр улс буй болсноор тайлбарлагдана. Ингэхлээр Чингүнжав, Амарсанаа нарын үеийн монголчуудын үндсээ чөлөөлөх тэмцэл тэр үедээ хэчнээн түвэгтэй, цөхөрдмөл талтай байлаа ч гэсэн баатарлаг хүсэл мөрөөдөл амь хайргүй тэмцлийн мөнхөд дурсагдах жишээ болж үлдлээ.
Н. Дангаасүрэн
Түүхийн ухааны доктор
(1981-11-12)
Comments